Идеологич

Гоё ганган даашинзтай жүжигчдийн киноны имижтэй жараад онд төрсөн энэ эмэгтэйд бүсгүй хүний элдэв хээнцэрхэл, чамин дэгжин юм бараг үгүй хэрнээ хайр татах нэг увидас, шүншиг байдаг. Ихэнх хүүхнүүдэд байдаггүй эр зоригтой, өөрийнхөөрөө, шууд шулуухан араншин, дотооддоо юунд ч сөхөрч ойчимгүй ер бусын хүчирхэг хэрнээ өр нинжин сэтгэл тэргүүтэн нэгдэж нийлсэнээр зөв сайхны орц найрлага бүрдэж түүнийг ийм гоо үзэсгэлэнтэй  болгосон байж мэдэх юм. Гоо үзэсгэлэн, сэтгэл татах увидас гэдэг харагдах байдал, нүд гялбуулах өнгө бус чухамдаа эр зориг, өөртөө итгэх итгэл, зөв сайхан ёс зүй байх нь гэх бодол төрнө. Түүнийг таньж мэдсэн бүтэн аравнаар тоологдох он жилүүд, ойртож дотноссон энэ хэдэн өдөр надад олон сайхан мэдрэмж төрсний нэгээхэн хэсэг нь энэ. Чухам энэ үнэт чанар л Ц.Цогзолмаа дарга гэх нэг том орон зай, хэн ч нурааж боломгүй хана хэрмийг улс төрийн хүрээнд сийлж орхисон байх. Цогзолмаа дарга зарчимч, Цогзолмаа хөдөлмөрч, Цогзолмаа дарга зоригтой. Цогзолмаа албан тушаалын лифтэнд сууж байгаагүй, доод шатнаас нь мац мацсаар өнөөгийнхөө өндөрлөгт хүрч ирсэн. Цогзолмаа дарга хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Ийм имиж хэдийнэ бат нот тогтчихсон юм билээ. Хэтэвчээр бус, хямдхан аргаар бус чухамдаа хүн мөн чанараар босгосон хувь хүний нэр төр гэгч он цагийн шалгуур давахараа улам үнэ цэнэтэй болдгийн жишээ түүнийх мэт санагдана. Он цагийн цаанаас гэрэлтэх хүн чанар гэж энэ аж. 
Ажил хэрэг, амжилт карьерынх нь тухайд бол мань хүн ёстой төрийн хар хүн. Мэргэжлээрээ ердөө хагас жил ажилласныг нь эс тооцвол төрийн албанд томилолт гардсаар тасралтгүй өсөх прогресстэй карьер хөөсөн юм билээ. Энэ ертөнцөд Цогзолмаа дарга шинэ санаа сэдэхдээ гаргууд гэдгээрээ бас хөөрхөн зартай. Өдгөө улс орны хэмжээний төсөл, мөрийн хөтөлбөр шахуу болсон “Нэг цэгийн үйлчилгээ”-г тэр анх санаачилж, дүүргийн засаг дарга байхдаа эхлүүлсэн юм билээ. Улс орны хэмжээний брэнд болтлоо алдаршсан нь л энэ болохоос өч төчнөөн шинэ санаа, идеа гаргасан нь бүгд хүний төлөө, хүний хөдөлмөр, проблемийг хөнгөвчлөх зорилготой байсан нь магад бүсгүй хүний нарийн мэдрэмжтэй нь холбоотой давуу тал биз. Тиймээс түүнийг би хувьдаа ИДЕОЛОГИЧ гэж тодорхойлмоор санагдсан. Монгол хэлнээ үзэл суртал, үзэл сурталч гэж орчуулагддаг энэ үг надад бол шинэ санаа үйлдвэрлэгч, оюун санааны лидер гэдэг утгаараа буудаг юм. Бодлого боловсруулж, шийдвэр гаргах түвшинд чухам идеологичид бүтээн байгуулагчдаас илүү их үнэтэй байдаг нь тэд ард түмнийхээ шилдэг сайн оюун санаа, байлдан дагуулагчид байх учиртайгаас тэр билээ.   


- Нартай сайхан өглөөний мэнд! Та хэр эртэч хүн бэ?
Цагийн тухайд маш хариуцлагатай ханддаг. Босох цагтаа босож чадна, ажиллах үедээ үүр цайтал суугаад өглөө нь ажилдаа явж чаднаа. 
- Дэлхийн улс төрч эмэгтэйчүүдийн үндсэн имиж болсон богинохон үс,  будаггүй төрх, гаднаас нь харахад хатуу ширүүн байдал. Энэ таны мөн чанар, имиж мөн үү? Өөрийгөө тодорхойлооч?   
Өнөөг хүртэл амьдрахдаа үргэлж бусдын төлөө явж ирсэн. Магадгүй айлын том охины сэтгэл, амьдралын хатуу хөтүүг багадаа үзэж туулсантай холбоотой чанар байх. Энэ л надад байдаг хамгийн үнэт чанар гэж боддог. Хатуу ширүүн араншин байхгүй дээ. Харин зарчимч, тууштай зан маань гаднаа тэгж харагддаг байх. 
Богино үс, оо энгэсэгийн тухайд миний байгаа нь л энэ. Улс төрч, төрийн хүний төрх бүрдүүлэх гэж ийм имижтэй болоогүй. Угаасаа урт үс, улаан уруулын будагтайгаар өөрийгөө төсөөлж чаддаггүй юм. 

“Би таван эрэгтэй дүүтэй айлын том охин. Ээжийгээ байхад эрх танхи,  ганган дэгжин охин байлаа. Одоо бодоход хүүхэд насны хоёр дурсамж л бүхэл амьдралын минь хамгийн тод дурсамж, магадгүй хувь заяаны эргэх цэг болсон санагддаг.”

- Маш олон жил төрд алба хашсаныг чинь мэдэх юм. Өөрөөр хэлбэл энэ ертөнцөд та Цэдэнбалын Цогзолмаа гэх хүний зэрэг зиндааг сийлчихсэн гэх үү дээ. Гэтэл та тийм ч нээлттэй хүн биш юм шиг санагддаг. Надад таны дотоод ертөнц, хувь хүнийг чинь нээх мэргэжлийн их хүсэл байна?  
Би нэг их ярилцлага өгөөд байдаггүй учраас л танд хаагдмал юм шиг санагдаж байж магад. Эмэгтэй хүн нууцлаг байх ёстой гэдэг ч, улс төрчдийн амьдрал бараг л бүхлээрээ олны өмнө нээлттэй байдаг шүү дээ. 
- Тэгвэл бага наснаас чинь эхэлье. Багадаа та ямархуу хүүхэд байсан бэ? Сэтгэлд тод дурсамжаасаа хуваалцаач? 
Би таван эрэгтэй дүүтэй айлын том охин. Ээжийгээ байхад эрх танхи,  ганган дэгжин охин байлаа. Одоо бодоход хүүхэд насны хоёр дурсамж л бүхэл амьдралын минь хамгийн тод дурсамж, магадгүй хувь заяаны эргэлт болсон санагддаг. Гуравдугаар ангид байхад “Миний ээж” зохион бичлэгийн уралдаан сургуулиас зарлагдаж, хоёр өдөр ээжээсээ нууж байж зохион бичлэг бичиж өгсөн нь 3-р байр эзэлчихэж. Малчаа гээд их сайхан бичдэг багш маань “Чиний зохион бичлэгийг уншсан багш нар бүгд уйлсан, “Пионерын үнэн” сонин руу явуулсан, улсад ч нэг юм дуулгах байхаа” гэлээ. Улсын хэмжээний уралдаан байсан юм билээ. Нэг өдөр багш орж ирээд “Чимээгүй байгаарай, баярт мэдээ байна, пионерын удирдагч орж ирж хэлнэ” гэлээ. Долгор багш орж ирээд “Танай ангийн Цогзолмаагийн зохион бичлэг улсад 3-р байр эзэлж, Олон улсын “Найрамдал” зусланд амрах эрхийн бичгээр шагнуулсан” гэж дуулгалаа. Тэр чинь 1978 он. “Найрамдал” зуслан байгуулагдаж анхны амрагчаа авч эхэлсэн жил чемодан дүүрэн шинэ хувцастай “Найрамдал”-д очсон юм. Яг энэ үйл явдал миний амьдралд, өөрийгөө олж, хүн талаасаа нээгдэхэд маш чухал нөлөө үзүүлсэн. Очсон эхний өдөр “Улсын уралдааны 3-р байрын шагналт Цогзолмаа манай бүлэгт амарч байна” гэж танилцуулж эхэлсэн тэр үеэс миний бүхэл амьдралын зам, ирээдүйд хэн байхыг минь тодорхойлчихсон юм шиг санагддаг. 

- Алдар хүндэтгэл хариуцлагын сэтгэл бий болгочихдог, муу сурч, муу хүн байж болохгүй босго тогтоочихдог зүй тогтол үйлчилж эхэлсэн байх нь? Онц сурлагатны психиологи ч гэх юм уу, синдром ч гэх үү, нэг тийм юм байдаг юм шиг надад санагддаг.
Одоо тийм л байх. Тухайн үед юу болохыг мэдэхгүй ш дээ. Ямартай ч өөрийг минь их нээж өгсөн. Маш их урам өгсөн. Ер нь хүүхэд насны ийм үйл явдал хувь хүн өөрийгөө нээж, хөгжүүлэхэд маш чухал нөлөө үзүүлдэг. Хүүхдийг бага насанд нь урам өгөх, чи сайн хүн болно гэж итгүүлэх нь сайн хүмүүжлийн их том нууц шүү. Найрамдалд амарч байхдаа бас болоогүй Урлагийн үзлэгт оролцож, “Тагтаа” шүлэг уншиж, мөнгөн медаль аваад, ганзага дүүрэн гэртээ харьсан. Зунжин соёлыг гайхсан хүн 4-р ангиасаа жинхэнэ нийгмийн идэвхтэн болсон доо. Пионерын удирдагчийнхаа сайн туслах болж, “Найрамдалд”-д сурч мэдсэнээ ангийнхандаа, сургуулийнхандаа зааж өгөх ажил эхэлсэн. Ариун цэвэр сахиулахаас авахуулаад хүүхдэд эх оронч үзэл хэрхэн төлөвшүүлэх талаар “Найрамдал” шиг гайхамшигтай “ноу-хау”-тай газар одоо хаана ч байхгүй гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Ингээд хавар нь Бүлгэмийн зөвлөлийн дарга болж зөвхөн сургуульдаа төдийгүй Ховд даяар Цогзолмаагүй юм байхгүй болсон доо. Онгирч байгаа юм шиг сонсогдох вий дээ. 
Гэвч үнэхээр л бага насны минь гайхамшигтай, үлгэр шиг дурсамж юм. Бодсон чинь онц сурлагатны сэтгэлзүй гэж яасан айхтар үг вэ. Би сүүлдээ ямар нэг өрсөлдөөн, уралдаанд ялагдаж чадахаа больчихсон байж билээ. Урлагийн үзлэг, “Артект очно” гэдэг орос хэлний том уралдаан, эх оронч үзэл суулгаж өгдөг “Дөл” тоглолт гээд миний оролцохгүй юм байхгүй. Өрсөлдөөнд ялагдвал уйлна, ялалт байгуулвал бөөн баяр болно. Би ялахдаа гол нь биш багш нараа баярлуулах, магтуулах, аав ээжийгээ баярлуулах тэр мэдрэмж л их чухал байсан санагдана. 
- Гуравдугаар ангиасаа тасралтгүй онц сайн сурсан охин мэргэжил сонголтоо яаж хийсэн нь сонин байна? Энэ тал дээр та хувь заяаныхаа эзэн байж чадсан уу? 
Чадсаан. Анх “Найрамдал”-д амардаг жилээ л багш болно гээд шийдчихсэн байсан юм. Багш болоогүй бол өөр ямар мэргэжил эзэмшиж, одоо юу хийгээд явж байхаа одоо ч төсөөлжчаддаггүй.
- Та чинь Эрхүүгийн их сургуулийн бүтээгдэхүүн, тэр үеэ дурсвал? 
Эрхүү хотын багшийн их сургууль, Түүхийн багшийн анги. Уг нь эвлэл, пионерт ажиллаж байсан гэдгээрээ Комсмолын дээд сургууль авсан юм. Алтан Москва явна гэж хөөрч байтал арын хаалга ороод Эрхүүгийн их сургууль болгочихсон байдаг юм.
Яг томилолтоо бичүүлэх гээд очтол ИГПИ гэдэг дөрвөн үсэгтэй томилолт өглөө. “Чи чинь шүлэг ном уншдаг их авьяастай хүүхэд байна лээ ш дээ, төгсч ирэхээр чинь “Залуучуудын үнэн” сонинд ажиллуулахаар шийдээд энэ сургууль руу явуулж байгаа юм” гэж хөдөөний охиныг ёстой л нэг хөөрхөн хуурсан байдаг юм. Тэглээ гээд төгссөн сургуулиа голоогүй, хувь заяа байсан гэж билэгшээдэг юм. 
- Гэхдээ л Комсмолын дээд сургуульд сурсан бол гэж харамсах үе байна биз? 
Тийм үе гарнаа. Москва бол Москва. Гэхдээ нөгөө талаар Эрхүүд төгссөндөө баярладаг юм. Нэгдүгээрт, сургалтын чанар сайн, Оросын бүх сургуулиудаас хамгийн чанга хатуу шаардлагатай нь Эрхүүгийн их дээд сургуулиуд байсан юм. Ялангуяа монгол оюутнуудыг оюуны чадалтай гээд шалгалтаа сайн өгвөл дунд, дунд өгвөл муу дүн тавьдаг байсан. Ю.Цэдэнбал агснаас авахуулаад П.Жасрай гуай хүртэл сурч байсан, тэр утгаараа монгол оюутнуудын тухайд өндөр босго тогтсон байсан санагддаг. Эрхүүд очоод орос “школ”-д ёстой жинхэнэ чанагдсан. Хоёрдугаарт, намайг Эрхүүд 5-р курсдээ орох жил Орост “Перестройка” буюу нийгмийн өөрчлөлт  эхэлж, Комсомолын дээд сургууль хаагдаж, хэрвээ би явсан бол өөр хотын сургуульд шилжиж, сургуулиа дүүргэх байсан юм. Энэ хоёр асуудлыг эргээд бодоход Эрхүүд очсон минь хувь заяаны бэлэг байсан. 
- Та сая хүүхэд насны хоёр дурсамж бүхэл амьдралын минь хувь заяаны эргэлт болсон гэж ярьсан. Хоёр дахь нь юу байсан бэ? 
Ээжийгээ алдсан явдал. Тэр өдөр л залуу нас минь дуусчихсан юм шиг санагдаж билээ. Тэр чинь гуравдугаар курс, том охиноо төрүүлчихсэн байсан үе. Таван эрэгтэй дүү, аавыгаа харахаар өр эмтрээд явчихна. Хамгийн бага дүү маань дөнгөж зургаан настай. Тэгээд бодож санах ч юмгүй, Ховдын Багшийн дээдэд шилжиж сурахаар шийдсэн. Нэг өдөр байрныхаа гадаа охиноо салхилуулж байтал Ховдын багшийн дээд сургуулийн ректор Жадамбаа гээд их мундаг хүнтэй дайралдлаа. “Чи нөхөр хичээл номоо яасан хүн бэ, буцаагүй байгаа юм уу?” гэж байна. Шилжиж суралцахаар шийдсэнээ хэлсэн чинь, үхсэний хойноос үхдэггүй юм. нэгдүгээрт, хэдэн дүү нар чинь эрүүл саруул байж байвал амьдраад явчихна. Чи ингэж огт болохгүй. Монгол улсад, энэ нутаг орондоо хэрэгтэй хүн болох хэрэгтэй. Би дуртайяа чамайг сургуульдаа авна. Гэхдээ хилийн наана, цаана төгсөх хоёр тэнгэр газар шиг ялгаатай шүү! Таван өнчин дүүгээ олигтойхон шиг авч явъя гэж бодож л байвал чи эхлээд талхныхаа захад хүрэх хэрэгтэй!” гэж ёстой л хэрэгтэй цагт хатуу, үнэн үгийг хэлсэн дээ. Үг гэдэг хүчтэй, тэр шөнөө сургуульдаа эргээд оччихсон байна гэж зүүдлээд л, маргааш нь Холбоон дээр очиж багштайгаа ярилаа. Тэр чинь 4-р сар, нэг хичээлийн жил дуусах дөхчихсөн гэсэн үг. Хичээлээ нэлээн удаан тасалчихсан, яваад очвол яах бол, эсвэл жилийн чөлөө авч болох уу гэтэл өөдөөс “Цогзолмаа, бид чиний амьдралыг маш сайн ойлгож байна, чи бол манай шилдэг оюутнуудын нэг, хүссэн цагт чинь сургууль чинь хүлээж авахад бэлэн” гэж байна. Нэг юм дээшээ огшоод л явчихсан. Тэгээд л аавдаа хэлж, аав минь хэдэн хонь зах дээр борлуулж, зардлаасаа гадна халаасандаа хэдэн төгрөгтэй Эрхүүд буцаж очсон түүхтэй. Шалгалт дөхчихсөн байсан үе, сайн хүмүүс, багш, анги, хамт олныхоо хүчээр жил алдалгүй сургуулиа төгссөн дөө. Амьдралд минь учирсан олон сайхан хүмүүсээс одоог хүртэл энэ сайхан бууралд хамгийн ихээр талархаж явдаг даа. Хүний амьдралд учрах сайн хүмүүс гэдэг хувь заяаг зөв тийш нь эргүүлэх, бүхэл амьдралыг өөрчлөх ид шидтэй байдгийг энэ жишээнээс ойлгож, хувь заяа гэдэгт итгэдэг болсон. 
- Таны энэ түүх гунигтай бас сэтгэл хөдөлгөм түүх байна. Одоо дүү нар чинь хаана юу хийцгээж байгаа вэ? 
Бүгд амьдралд хүрч, бие даацгаасан. Хоёр жилийн өмнө бага дүүгээ тусад нь гаргаснаар эгчийн үүргээ бүрэн биелүүлж, бурхны орондоо тайван нойрсож буй аав ээжийнхээ өмнө нүүр бардам боллоо гэж сэтгэл амарсан. 
- Ер нь хүн чанар, хүн байхын үнэ цэнэ юунд байдаг гэж та боддог вэ? 
Бусдад амьдрал бэлэглэх шиг, бусдад хэрэгтэй амьдрах шиг том хүндэтгэл, баялаг гэж байдаггүй юм. Хэдэн дүү нараа харахаар ийм л сэтгэгдэл төрдөг юм. Нүцгэн ирээд нүцгэн буцах хорвоод өөртөө үнэн байж, хүнд хэрэгтэй, амьдралын даваа нугачаа, сорилт шалгалтанд унаж ойччихгүй нэр төртэй амьдрах асуудал бол мөнгө хөрөнгө, эд баялагтай харьцуулах аргагүй үнэтэй билээ. Аав ээжийгээ орлож амьдарсан он жилүүд, үзэж туулсан минь ийм их ухаарал надад өгсөөн. Энэ надад оногдсон хувь тавилан, миний л туулах амьдрал минь гэж хайрлаж явдаг юм. Амьдрал бурханы зурсан зургаар л явдаг гэж үнэн шүү.
- Амьдралын өмнө бууж өгөх, мухардах үе хүн бүхэнд тохиолддог гэдэгтэй маргах юм алга. Ийм үед та яаж өөрийгөө тайвшруулж, нөхцөл байдлыг давж гарах хүчээ хаанаас авдаг вэ? 
Хувь хүний хандлага, дотоод сэтгэлийн хүч маань зөв, сайхан гэж боддог. Энэ нь Цогзолмаагийн сайных биш, ээж аавын минь надад өгсөн онцгой бэлэг юм. Тэр нэг сэтгэлийн чанар, зөв хандлага энэ тэр чинь олдмол гэхээсээ илүү заяагдмал мөн чанар байдаг юм шиг ээ. Хувь заяандаа, ер нь бүхий л зүйлд гомдоллохгүй байх, чанга хатуу байх, эцэж цуцашгүй бүр цөхрөлтгүй өөдрөг байх зэрэг минь амьдралд минь болоод улс төрийн орчинд тохиолдсон олон сорилтуудын өмнө хүнээрээ үлдэх, өвдөг сөхрөхгүй байх маш сайн хөрс болж ирсэн. Хэрэв тэвчээргүй, хүлээцгүй байсан бол өдийд ингэж явахгүй аль нэг газар сөхрөөд ойччих байсан гэж өөрийгөө тоох үе байдаг л юм. Тэгээд ер нь ямар ч хүн зовлон даах чадвартай байдаг аа. Бараг амьтных нь зөн байх. Харин жаргал даах, хайр даах, хөрөнгө мөнгө, албан тушаал, эрх мэдэлтэй байх зэрэгт л бүдэрч ойчоод байх шиг харагддаг.  
- Гэр бүлээ танилцуулаач? 
Нөхөр, 4 хүүхэд, 5 ач зээтэй. Нөхрийг маань Саранжав гэдэг. Цахилгааны инженер мэргэжилтэй сайхан хань бий. Мэргэжлийн хүрээндээ маш чадварлаг, үнэтэй мэргэжилтэн. Эр хүний сайхан чанар, монгол ёс жудаг дүүрэн жинхэнэ мужик гэж дотроо ханиараа бахархаж явдаг юм. Өөрт нь нэг их хэлээд байдаггүй, хэвлэлээр дамжуулаад нэг сайн магтчихъя. Хүүхдүүд маань бусдын л жишгээр хувийн асуудлаа эмхэлж цэгцлэх, өрх тусгаарласан нь жижиг бизнес, ажил хэрэг эрхлэх гэх мэтээр цаг хугацааны жам, голдиролоороо яг л төлөвших үедээ явцгааж байна.
- Улс төрд хүчтэй тоглогч байхад хөрөнгө мөнгөтэй байх нь чухал үзүүлэлт гэх нь бий. Энэ утгаараа та хэр баян хүн бэ? 
Хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэдэг байх аа. Угаасаа нөхөр бид хоёр хоёулаа төрд алба хашиж ирсэн хүмүүс. Аж ахуй эрхэлж, мөнгө хурааж хуримтлуулахын төлөө ажиллаж, амьдарч байсангүй. Мөнгийг хэрэглээний түвшинд л ойлгодогоос баялаг гэж боддоггүй. Шаардлагатай үед аав ээж, өндөр настандаа дэм үзүүлчих хэрэглээний таван төгрөгийн хуримтлалтай, тав тухтай амьдрах орон байртай ёстой алтан дундаж түвшинд л амьдарч байна. Улс төрд мөнгө хөрөнгөтэй  байх нь чухал үзүүлэлт гэж ер бодохгүй байна. Энэ бол өөрийнхөө сул талыг дөвийлгөж байгаа хэрэг огт биш шүү. Магадгүй хувийн эрх ашгийн үүднээс лобби хийх эсвэл сонгогчдын санал худалдаж авахад их хөрөнгө, мөнгө хэрэгтэй байж болох юм. Жинхэнэ цэвэр улс төр хийхэд, бодлого боловсруулж, хууль батлалцахад их мөнгөний хэрэг гэж байх уу? Мөнгөөр мэдлэг боловсрол, хүн чанарыг худалдаж авч болдоггүй.Наадах чинь улс төр, бизнес хоёрыг нэг зоосны хоёр тал болгосон, хувийн эрх ашиг болоод амбиц ихтэй, хүмүүст л хамаатай ойлголт байх гэж бодож байна. Улс төрд хамгийн чухал зүйл бол ёс зүйтэй, зарчимтай хувь хүн байх явдал гэж би хувьдаа боддог. Харамсалтай нь монгол төрд энэ зүйлс улам л үнэ цэнэгүй болоод байна.  

“амьдралын даваа нугачаа, сорилт шалгалтанд унаж ойччихгүй нэр төртэй амьдрах асуудал бол мөнгө хөрөнгө, эд баялагтай харьцуулах аргагүй юм билээ”


- Та ёстой загатнасан газар маажлаа. Маш том, чухал сэдэв. Харамсалтай нь бид, энэ үеийнхэн ёс зүй, ёс суртахуун гэж юу болох талаар мэдлэггүй болчихсон юм шиг санагддаг. Таныхаар ёс зүй гэж юу вэ?
Бараг хүн чанар гээд хэлчихэд хэт сүржигнэсэн болохгүй байх. Хүн бол эцсийн эцэст амьтан шүү дээ. Хүнийг энэ амьтанлаг оршихуйгаас зааглаж байгаа тэр зүйл бол оюун санаа, түүнээс үүдэлтэй ёс зүй юм.  Уг нь бид ёс зүйн тал дээр хатуу чанга, тогтсон ойлголттой, өөрийн гэсэн дэг жаягтай байсан ард түмэн. Харамсалтай нь ардчилалын салхинд энэ мэт үнэт зүйлсүүд маань бүдгэрч алга болж байна. Сав л хийвэл ардчилал, хүний эрх, эрх чөлөө ярьж, хүний ёсноос гажууд үйлдлээ хүртэл энэ малгайн дор хаацайлдаг болж. Ардчилал гэж хогийн сав биш! Ардчилал нэрийн дор анархизм газар аваад байна уу л гэж хараад байгаа. Бидэнд одоо ёс зүйн ямар ч стандарт үгүй болчихсон юм шиг. Хэн юу хийх нь хэнд ч хамаагүй, энэ чинь эрх чөлөөт нийгэм гэж ч байх шиг. Уг нь бол чиний эрх миний эрхээр хязгаарлагддаг гэх ардчилалын үндсэн үнэт зүйлийн цаана чухамдаа ёс зүйтэй, зөв амьдрах шаардлага нуугдаж байдаг юм шүү дээ. Хүний мөн чанар нь амьтанлаг, адгууслаг учраас ёс зүйг хүмүүжлээр, хуулиар хэм хэмжээг нь тогтоож, барьж байдаг. Энэ ч алдагдаж байна. Ад үзээд байдаг социализмын үед гэхэд гэр бүл тогтворгүй хүмүүсийг намаас хөөж, нутаг зааж нэг ёсны цөлдөг байв. Энэ гэхэд л хүнийг ёс зүйтэй, жудагтай байлгах гэсэн нэг оролдлого байж. Энэ чинь хүний эрхийг боогдуулж, боомилж байгаа юм  биш нийгмийг зөв зүй тогтолцоотой, эмх журамтай байлгах гэж тогтоосон хэм хэмжээ байсан юм. Энэ мэт хувь хүний ёс зүй ярихгүйгээр төрийн ёс зүй ярих боломжгүй.       
- Тал засалт биш шүү, танд ёстой алга ташин баяр хүргэмээр санагдчихлаа. Ард түмнийхээ дагуулагч нь байх ёстой улс төрчид энэ талаар ам ангайдаггүй. Та ингэж ярих зоригтой, сэтгэлтэй байгаа нь сайхан. Гэхдээ нэг асуулт байна. Бодит амьдрал дээр та энэ үзэл бодолдоо хэр тууштай, үнэнч байж чаддаг вэ? МАН-ын томоохон толгой лидерүүдийнх нь нэг, Эмэгтэйчүүдийн холбооных нь тэргүүний хувьд та нам дотроо энэ байр сууриа илэрхийлж, дуу хоолойгоо хүргэж чаддаг уу? Жишээ нь нэр дэвшүүлэлт дээр та болоод танай нам ёс зүйн босгыг тавьж чадсан уу? 
Наадах чинь улс төрч хүний хувьд хариулахад адармаатай асуулт байна. Гэхдээ хариулах гэж оролдъё. Манай нам олон жилийн түүхээс харахад  энэ тал дээр харьцангуй хатуу байр суурьтай байж ирсэн. Гэвч үргэлж олон нийт, сонгогчдын сэтгэлд бүрэн нийцэх сонголт хийх хэцүү байдаг. Монгол Ардын Нам олон жилийн түүхтэй, боловсон хүчин сайтай нам. Энэ сонгуулиар улс төрийн намууд цөөхөн хэдэн эмэгтэйчүүдээ дандаа л хэцүүхэн тойрогт тулгасан нь бас нууц биш. 
- Шуудхан л асууя, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Цэдэнбалын Цогзолмаа юугаараа онцгойрно гэж та бодож байна вэ? Ёс зүйн талаар зоригтой ярьж чадаж байгаа учраас таныг ёс зүйтэй хүн гэж итгэж байна. Гэхдээ энэ нь таныг сонгох цорын ганц шалтгаан биш шүү дээ. Яагаад таныг сонгох ёстой гэж та бодож байна вэ? 
Нэгдүгээрт, итгэл үнэмшил минь намайг ийшээ хөтөлсөн. Төрийн доод шатны байгууллагаас авахуулаад Дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч, одоо бол намынхаа эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч гээд төрийн болон улс төрийн бүх шатанд алба хашиж байсан учраас өөрийгөө төрдөө зохих түвшинд бэлтгэгдсэн гэж боддог. Өрөөлийн өмнө хариуцлага хүлээх бүрэн чадвар байгаа гэдэгтээ зуун хувь итгэж байна. Хоёрдугаарт, нам, журмын нөхдийн даалгавар, надад өгсөн итгэл байна. Дээр нь Сүхбаатар дүүрэгт би харь хүн биш. Засаг даргаар нь ажиллаж байхдаа ёстой л унтах нойр, идэх хоолоо хагаслаж иргэдийнхээ ажил, амьдралд нь хутгалдаж явсан он жилүүд нүдний өмнө жирэлзэж байна. Энэ дүүрэгт юу хэрэгтэй, иргэдийнх нь төлөө би юу хийх ёстойгоо хэнээс ч илүү сайн, тодорхой мэдэж байгаа. 
- Гэхдээ л та өнгөрсөн сонгуулиар Сүхбаатарт өвдөг шороодсон шүү дээ? 
Улс төрд энэ зэргийн зүйлийг ялагдал гэж харж болохгүй ээ. Энэ чинь ялалт, ялагдал, уналт босолт алаглаж байдаг ертөнц шүү дээ. Яг л хүний  амьдрал шиг. Магадгүй тэр ялагдал миний ялалтын эхлэл цэг ч байсан юм билүү.   
- Та ч эмэгтэй хүн гэхэд зоригтой юм. Бахархах сэтгэл төрж байна. Тэр жил Сүхбаатар дүүргийн Засаг даргаас дуулиан шуугиантайгаар огцорч байхдаа олон юм ярьж, уйлж дуулж гоншигноогүйг чинь хараад бяцхан бахархах сэтгэл төрж байсныг нуух юун. Ингэхэд яагаад таныг Засаг даргаас огцруулчихсан юм бэ? 
Албан тушаалд томилогдох, тэндээс буух, огцрох зэрэг чинь эмзэглэж, гайхаад байхаар зүйл биш шүү дээ. Огцорч, ялагдаж байна гэж уйлж дуулах, албан тушаалд оччихлоо гэж хөөрөх нь улс төрч хүнд байх ёсгүй чанар. Миний хувьд ийм ноён нуруутай байхыг яг Засаг даргаас огцорсон тэр өдрөөс эхэлж өөртөө бий болгож эхэлсэн. Огцрох, огцруулах гэдэг чинь хоёр талын зөрчил дундаас бий болдог зүйл. Нөгөөдүүл маань огцрох шалтгааныг бий болгосон л гэсэн үг. Тухайн үед би улс төрийг бүрэн ойлгоогүй, хэт зарчимч, шударга байсан нь миний алдаа болсон байдаг. Өөрөөр хэлбэл Засаг даргын албан тушаалтайгаа үлдэхийн тулд дүүргийнхээ Иргэдийн хурлын төлөөлөгчидтэй найз байж, тэдэнтэй нэг баг болж ажиллах ёстойг ойлгоогүй байсан. Дүүргийнхээ иргэдийн хурлын  төлөөлөгчийг газар авмаар байна гэж орж ирэхэд нь, та бусдын төлөө сонгогдчихоод өөрийнхөө эрх ашгийг дээгүүрт тавилаа гээд хөөгөөд гаргачихсан. Тэр хүн миний төлөө гараа өргөх үү? Үр дүнд нь улс төр яаж хийдгийг ойлгох маш том сургууль, сургамж болсон доо. Улс төрд анхнаасаа багаа зөв бүрдүүлж, зарчмаа зөв ойлголцож явах ёстой байдгийг маш сайн ойлгосон. Энэ бүхэнд хаттай, уужуу байж чадсан гэж боддог. Үнэн хэзээд ялдаг нь хорвоогийн жам шүү дээ. 

“бид одоо өөрсдийгөө бэлтгэж, харуулж, ард иргэддээ ойлгуулах ёстой. Ийм цаг ирсэн гэж би бодож бас харж байгаа. эмэгтэйчүүд бид өөрчлөгдөх хэрэгтэй байна”


- Ингэхэд Ховд аймагт Скаутын хөдөлгөөнийг санаачилсанаас авахуулаад Сүхбаатар дүүргийн засаг дарга байхдаа нэг цонхны үйлчилгээг санаачилсан нь улс орны хэмжээний шинэ санаа, болсон гээд уг нь гайхуулах юм танд их байдаг юм билээ. Шинийг санаачлагч байх нь улс төрд, төрд үнэт чанар. Таны эхлүүлж байсан, одоо хэрэгжиж байгаа томоохон ажлууд тань таны өөртөө итгэлтэй байх нэг шалтгаан байх, тийм үү? 
Шинийг санаачлагч гэж та намайг арай л хөөргөж байна. Хувьдаа тэгж боддоггүй дээ. гэхдээ баярлалаа. Би ингэсэн, би тэгсэн гэж цээжээ дэлдэх нь лав миний араншин биш. Гэхдээ хүний ой санамж богино, олон долгионтой учраас хийсэн зүйлээ, болсон явдлыг тодорхой түвшинд ярьж, ойлгуулж байх хэрэгтэйг сүүлийн үед их сайн ойлгоод байгаа. Өөртөө итгэлтэйн тухайд сайхан аав ээжийн эрүүл саруул охин болж төрсөндөө, дүү нарынхаа төдийгүй хамт олон, эргэн тойрныхоо хүмүүст хэрэгтэй хүн байгаадаа, улс төрийн орчинд хүртэл өөртөө үнэнч үлдэж чаддагтаа, нэг их өндөр хэрэглээ, өндөр албан тушаалын төлөө биш эгэл жирийн амьдарч чадна гэж өөртөө итгэж явнаа. 

Сайхан аав ээжийн охин болж төрсөндөө, бусдад хэрэгтэй байгаадаа, сайхан үнэнч найз нөхөдтэйгээ учирсандаа, улс төрийн орчинд өөртөө үнэнч үлдэж чадсандаа сэтгэл хангалуун байдаг.


Намынхаа эмэгтэйчүүдийн бай-гууллагыг удирдаж байгаагийн тань хувьд асуух асуулт байна. Улс төрийн тавцанд эмэгтэй хүн эрчүүдээс 10 дахин их хүч хөдөлмөр зарж байж амжилтанд хүрдэг гэх бичигдээгүй хууль бий. Над шиг хүйсийн ялгаа биш хүний чанар л чухал гэж үздэг хүнд тун ч гунигтай сонсогддог үгсийн нэг. Үүний учир шалтгаан нь юу гэж та боддог вэ?
Гоё асуулт байна. Улс төрд эр, эм хүйсээс хамаарсан ямар нэг хөнгөлөлт гэж уг нь байх ёсгүй. Гэвч яагаад ч юм таны хэлдгээр эмэгтэйчүүд эрчүүдээс илүү боловсрол мэдлэгтэй, төлөвшил, ёс зүйтэй ч яг тэр бодит үнэлгээгээрээ улс төрд товойж чаддаггүй нь үнэн. Тэглээ гээд би эмэгтэй хүн, намайг харж үзээч, намайг сонгооч гэж квот гуйх ёсгүй гэсэн нэг бодол бас байна. Бид одоо өөрсдийгөө бэлтгэж, харуулж, ард иргэддээ ойлгуулах ёстой. Ийм цаг ирсэн гэж би бодож бас харж байгаа. Эмэгтэйчүүд бид өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй байна! Өрөвдүүлэх сэтгэлгээгээр улс төр хийх цаг биш. Нэгэнт энэ ертөнцийн хууль, жаяг нь патриарх юм хойно энд бид дасан зохицож, эвлэрч, давж, шударга өрсөлдөж л амьдрах хэрэгтэй болж байна.
Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй гэж нэг яриа байдаг. Энэ хэр үнэний ортой үг гэж та боддог вэ? 
Би ер нь эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэж ярих дургүй. Хүйсийн ялгаа биш хүн чанарын ялгаа л гэж байдаг гэж та сая их гоё хэлсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр хүн эмэгтэй байснаараа эмэгтэй хүнээ дэмжихгүй байгаа юм биш харин тэр эмэгтэй шиг өндөрлөгт хүрэх ёстой гэж бодож, зөв дүгнэлт хийх ёстой.
- Сүүлчийн асуулт. Та хэрвээ УИХ-д сонгогдвол сонгогчиддоо юу амалж чадах вэ? 
Би ёс зүйтэй, хөдөлмөрч, үзэл бодолдоо үнэнч, тууштай байж хоёргүй сэтгэлээр ажилд ханддаг мөн чанараараа иргэддээ нээлттэй, ахмадууддаа хүндлэлтэй, залуу үедээ үлгэр дууриалалтай улс төрч байж чаднаа.Төрт ёсоо дээдлэх ухаан, амьдралын төлөвшилд минь иргэд, сонгогчид маань итгэж байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Ярилцсан М.Уранчимэг 

"

"